ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Би” төр & “би” дэлхий

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-04

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тэнэглэл-

 

Сэтгэцийн эмгэгийн онц ноцтой гэх 10 төрөл дундаас хамгийн ноцтой нь буюу агуу ихийн дэмийрэл болох “би”-гийн өвчнийг эдгээхэд хэцүү байдгийг сэтгэлзүйчид хэлдэг юм билээ. Өөрөө л хамгийн мундаг нь өрөөл харин хэн ч биш гэсэн бодолтой хүмүүс эцэстээ хэл ам таталж, хэрүүл зарга хийхээс өөр ямар ч шидгүй болдог бөгөөд удирдах албан тушаалд ийм хүмүүс очвол дарангуйлагч болдог жамтай. Тиймдээ ч бидний өвөг дээдэс “Гэрээ засаад төрөө зас” буюу “би”-гээс ангижирч чадсан хүнийг төрд суулгаж, удирдагчаар тохоон томилж байлаа. Харин өнөө цагт гэрээ засах байтугай биеэ ч засаж чадаагүй, “би”-гээр өвчилсөн хүмүүс төр улсыг самарч байна. Тэдний нэг нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Энэ хүний эзэмшсэн мэргэжил, эрхэлж явсан албан тушаал, энэ улсад хийсэн бага ч атугай өөрчлөлтийг хэн ч үгүйсгэхгүй билээ. Гэлээ гэхдээ би л ганцаараа мундаг, бусад нь хэн ч биш гэсэн агуу ихийн дэмийрэл зөвхөн түүнээс гарах болов, сүүлийн жилүүдэд. Уншигч та санаж буй бол одоогоос жилийн өмнө экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өдрийн сонин”-ы мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байлаа. Тэр хурлын тоймыг хэд хэдэн мэдээллийн сайтууд тоймлосон байдаг бөгөөд хурлын турш “би” гэдэг үгийг 84 удаа, Х.Баттулга гэж нэрийг 87 удаа хэлснийг нь тоймлож байсан нь тухайн үедээ инээд наргиан болоод өнгөрч байж билээ. Гэвч тэр нь зөвхөн өөрийгөө дөвийлгөх, өрөөлийг харин хэн ч биш болгож харагдуулах сэтгэцийн өвчин буюу агуу ихийн солиорол нь гүн гүнзгий шатандаа орсон гэдгийг илтгэж байсныг хэн, хэрхэн мэдэх билээ. Тэр явдлаас хойш энэ хүн эх орондоо ирээгүй юм. Тавантолгойн орд газрыг Хятадуудад зарах гэж байсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн ч хаа нэгхэн твиттерт өнөөх л “би”-гээ тунхаглачихаад нам гүм болно.

Дэлхийн олон улсын таван байгууллагад цаазын ял, байгаль орчны эсрэг ажиллаж яваа хэмээн олонд зарладаг ч казино, сагсанбөмбөгийн тэмцээн, дуучдын тоглолт хэсэж яваа нь л олонд ил харагддаг. Ажлаа өгчихсөн экс Ерөнхийлөгч лаагаа иднэ үү, лууувангаа иднэ үү бидэнд хамаагүй ч хууль түүнийг дуудахад зангиагаа засаад, оймсоо өмсөөд очсонгүй. Харин ч жилийн дараа ярилцлагад орохдоо “Би эх орондоо очно гэж бодож байсан. Гэхдээ Х.Баттулгын зохиосон жүжгээр очих уу. Тэр хүний зохиосон жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээ сонгох хэрэгтэй” хэмээн жүжиглэх нь тэр. Уг нь тэр хүнийг Х.Баттулга биш Монголын хууль дуудсан гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа ч нөгөөх л “би” гэмгүй бусад нь гэмтэй гэсэн дүрдээ хэт итгэчихээд явж байх ажээ. Монголд шударга бусын хонгилыг би байгуулаагүй, Монголыг цаазын ялгүй болгосон хүн нь би, төвийг сахих үзлийг тунхагласан нь би хэмээдэг ч тэр үзлийнхээ цаана хэчнээн муу муухайг нууж явсныг нь харин энэ өдрүүдэд бид бодитойгоор, илүү олон баримтаар харж байна. Монгол Улсыг найман жил удирдахдаа ч би бүхнийг хийж чадсан, би тэгж хэлсэн, би ингэж амласан гэдгээ хамгийн сайн хийсэнсэн. Харин дүр эсгэсэн төрхийнхөө цаана нам дамжсан “МАНАН” бүлэглэлийг амилуулж, өөрт таалагдаагүй нэгнийг шударга бусын хонгилоороо чирсэн гэдэг нь үнэнд гүйцэгдэв. Цаазын ялыг хориглосон хүн би хэмээн дэлхийд зарлахыг хүссэн ч түүнийг шүүх засаглалыг “атгаж” байх үед хуулийнхан нь бусдыг тамлан зовоож яргалж байсан нь ил болов. УИХ-ын гишүүд нь хүртэл нүдэндээ нулимстай, хоолой зангиран гарч ирж байсныг та бид яаж мартах юм бэ. “Би эх орноо зүүдэлж сэрдэг” хэмээн дэвж явахуйд эсрэгээрээ түүний хаанчилж  байсан он жилүүдэд эх орных нь баялгийг хэдхэн шүүгчид нийлж хуваан ашиг хүртэцгээж, хил давуулан худалдахаар санаархаж байс­ныг баримт бас дахин баримт л илчилж өглөө. Түүний “би”-гийн засаглал, “би”-гийн төр ингэж л тогтож байлаа.

Уг нь энэ өвчнөө дотроо нууж, эс бөгөөс жижигхэн Монгол Улс дотроо гаргаад өнгөрсөн бол яах вэ гэхсэн. Гэвч тэр хүний өвчин хэдийнэ дэлхийн шившиг болж эхлэх нь тэр. Чоно борооноор гэдэг шиг сар шинийн өдрүүдэд хилийн цаанаас хийсэн лайв нэвтрүүлгээрээ тэр дахиад л нөгөөх “би”-гээ тунхаглажээ. Энэ удаа харин их гүрний удирдагчидтай зиндаархаж, элэг хөшөөх нь тэр. Эх орондоо үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт “дэлхийн хүн” хэмээн жүжиглэсэн нь даанч олны хүндлэл гэхээс илүү онигоо болоод дууслаа. Тэрбээр, “Парламент” телевизийн тоймч Т.Болд гэгч сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “В.Путин дарга, Ши Жинпинь даргатай их ойрхон харилцаатай, яг хүний харилцааны хувьд их ойрхон ажилласан. В.Путин намайг ажлаа өгч байгааг сонсоод дахиад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох уу гэж асууж байсан. Абэ бас надаас тэгж асууж байсан. Ши Жинпиньтэй нэг жилд 13 удаа нэг үйл ажиллагаанд цуг тааралдсан байдаг юм. Арав гаруй удаа тэгж тааралдаж уулзах боломж олдоно гэдэг бол үнэхээр гайхамшигтай зүйл. Би бол Б.Обама Ерөнхийлөгчтэй их ойрхон ажилладаг байсан. Намайг хараад “Миний favourite Ерөнхийлөгч” гээд нуруун дээр алгадаад, уулзаж байсан хүнээ хаяад шууд над дээр хүрээд ирдэг байсан” хэмээн ярив. Аугаа ихийн солиорол, дэмийрэл гэдэг ердөө л энэ юм. Угтаа Элбэгээ Ерөнхийлөгчийн хэлснээр бол жилдээ 10 удаа олон янзын үйл ажиллагаад тааралдсан хүнээ та “миний favourite найз” хэмээн нэрлэж болох нь гэсэн үг. Муу хүнд газар бүү үзүүл, мухар үхэрт худаг бүү үзүүл” гэх ардын үгний амид жишээ болж, сонгож байсан ард түмнийхээ өмнө ингэтлээ доошоо орох гэж дээ. Эх орондоо ирэх нүүргүй болчихсон атлаа “би дэлхийн хүн” хэмээн итгүүлэхийг хүсч буй таниас монголчууд тийм ч олон зүйлийг хүсээгүй юмсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө туг болж явсан тэртээх 30 жилийн өмнөх Ц.Элбэгдоржоос өчүү­хэн бага хэсэг нь ч таны дотор үлдсэн бол оймсоо өмсөөд, зангиагаа зүүгээд Монголын хуулийн өмнө хүрч ирээд л шалгуулчих. Гэмтэй, гэмгүй нь тодроод ирэхийн цагт Обама байтугай олон хүн таны нурууг алгадах билээ, экс Ерөнхийлөгч өө.