ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Асман” Аваргууд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-20

А.СҮХБАТ

Б.БАТ-ЭРДЭНЭ

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат. Үндэсний их баяр наадмаар гурван удаа түрүүлж, 11 удаа шөвгөрсөн, Монголын  Үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга цолтой бөх. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улстөрч юм. УИХ-ын гишүүн болсноосоо хойш олонд талархал хүлээсэн бодлого гаргасан, хууль санаачилсан зүйл хараахан алга.

Хэнтий аймгийн Өмнө­­дэлгэр сумын ха­рьяат, Монгол Ул­сын гавьяат тамирчин, Хөдөл­мө­рийн баатар, Монгол Улсын дархан аварга Бадмаа­нямбуугийн Бат-эрдэнэ. Монголын Үндэсний бөхийн түү­хэнд улсын баяр наадмаар хамгийн олон буюу 11 удаа түрүүлж, нэг удаа үзүүр­лэж, хорин хоёр удаа шөв­гөр­сөн цагийг эзэлсэн алдар цуут аварга билээ. Зодог тайлснаасаа хойш их улс төрд орж, МАН-аас дөрвөн удаа УИХ-ын гишүү­нээр сонгогдсон, Батлан хам­гаа­лахын сайдаар нэгэн­тээ ажиллаж байсан улстөрч. Цагтаа МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, олонхийг санал авахад өчүүхэн жаахан дутаж явсан Монгол түмний хайртай аварга. Улс төрд ороод хийсэн ажил гэвэл эдүгээ хэрэгждэггүй ч гэсэн бидний нэрлэдгээр “урт нэртэй” хуулийг санаачилсан улстөрчдийн нэг.

 

 

“Асман” Аваргууд

Уг нь эл хоёр эрхэм бол хэн бүхний таних монгол бөхийн ноён оргилууд болсон дархан аваргууд. Нөгөөтэйгүүр хоёул МАН-ын гишүүн болсон улстөрчид билээ. Нэг нь УИХ-д дөрвөнтээ сонгогдсон хашир туршлагатай улстөрч бол нөгөө нь өнгөрсөн сонгуулиар анх удаа сонгогдсон будаг нь үнэртсэн шинэхэн улстөрч. Өөрөөр хэлбэл энэ хоёр аварга улсын наадмын түрүү магнай болж, олны танил болсон нэр хүндээ ашиглаж МАН-аас улс төрд хөл тавьсан гэсэн үг л дээ.

Хоёул нутгийн зон олныхоо итгэлийн авч, Төрийн ордонд бодлого боловсруулахаар төрд илгээгдсэн төрийн түшээд билээ. Гэтэл сүүлийн үед хоёр аварга нэг намаас сонгогдсон хэр нь нэг ордонд багтаж шингэхээ больж хэвлэлээр хэрүүл хийдэг болоод удав. Эсвэл Төрийн ордныг бөхийн өргөө гэж санасан уу, УИХ-ын чуулганыг МҮБХ-ны хурал гэж андуурсан уу, эсвэл торгон ногоон дэвжээнд хоёулаа барилдаж байна гэж төсөөлсөн үү, ямартай ч хоёр тал болон хэрэлдэж явна, тэр хоёр.

Хэрүүл хийж буй сэдэв нь хүртэл төрийн бодлого шийдвэрийн талаар бус, Төрийн ордон тойрсон улс төрийн талаар биш, аль эсвэл ард түмний тусын тулд ч биш зүгээр л Бөхийн өргөө тойрсон жижигхэн хов жив аж. Хэн нь холбоог тэргүүлэх вэ, хэн нь Бөхийн өргөөг авах вэ гэдэг жижиг асуудал, өөрсдийн эрх ашиг нь чухал гэнэ. Үнэндээ энэ хоёрт эх орон, ард түмэн ямар ч хамаагүй. Тэр бүү хэл үндэсний бөх ч хамаагүй бололтой. Зүгээр л хэнийх нь баг Бөхийн өргөөнд эзэн суух вэ, орлого ашгийг нь хэн хүртэх вэ гэдэг нь хамаатай аж.

Өмнө нь 30-аад жил эзэн суусан Б.Бат-эрдэнийн тал хаанчлалаа үргэлжлүүлэх үү, аль эсвэл шинээр А.Сүхбатын тал түлхүүрийг нь гартаа атгаж, орлого ашгийг нь хүртэх үү гэдэгт л хэрүүл хийж явна.  Хамгийн сүүлд гэхэд хоёр төрийн түшээ Төрийн ордонд зэрэг хэвлэлийн хурал зарлаж, А.Сүхбат нь “Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун” хэмээн хийж буй хэрүүлээ төртэй холбон зөвтгөөд авав. Мөн “МҮБХ гэдэг Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж, Д.Данзан, нарын өмч биш” гэж ах аваргаа буруутгав.

Бас нэмээд “Улсын баяр наадам эмх замбараагүй болох, томоохон цолтой гол бөхчүүд барилдахгүй болох вий. Бөхчүүдийг, ард түмнийг хагалан бутаргагч нь Б.Бат-Эрдэнэ болчихоод байгааг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн ярьж, монгол наадмаар “шантааж” хийв. Харин эсрэг талд нь Б.Бат-Эрдэнэ нь “Наадмын дараа хуралдъя” гэдэг саналаа би илэрхийлсэн хэмээн хоёр үзүүртэй зүү шиг үг чулуудаж сууна. Яг үнэндээ энэ хоёр аваргатай, аваргагүй монгол бөх байдгаараа байж, энэ хоёр аваргатай, аваргагүй монгол наадам болдгоороо болно гэдгийг хэзээ ухаарах улстөрчид вэ, эд.

Дээр үед лам ч биш, хар ч биш хүнийг “асман лам” гэдэг байсантай адил эдүгээ энэ хоёр улстөрч юм уу гэхээр бөх ч юм шиг, бөх юм уу гэхээр улстөрч ч юм шиг “асман” бөхчүүдийг яалтай билээ. Эхдээ туньсан нялх хүүхэд шиг эл хоёр аварга эсвэл Бөхийн холбоо, Бөхийн өргөөгөө тэргүүлээд төрөөс холдоосой, эсвэл тэднийгээ орхиод төрийн ажлаа хийгээсэй. Өндөр төрийн, их хаалгыг онголзуулаад байлгүй, орвол орсон шиг ороод, гарвал гарсан шиг гараасай.