ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаярт хадаг бариад оч

O.Admin
2018-04-30

Улс төрд өндөр боловсрол хэрэггүй болсон, залуус аа. Зөвхөн сайн ах нарынхаа булхай луйврыг өөртөө үүрч шоронд орж чаддаг, бас цүнхийг нь найдвартай барьдаг л бол та зөвлөхийн албан тушаалаас ч дээш өгсөх боломжтой. Яруу найраг бичдэг, уянгын халилтай үг хэлчихдэг бол УИХ-ын гишүүн болох ч боломж танд байна. Энэ хоёр салбарт авьяасгүй бол зүлэг ногоон дэвжээнээ зодог шуудаг өмсөөд гар. Тэр цагт УИХ-ын гишүүн байтугай сайдын суудал ч өлхөн олдоно доо. Бодлогын нам болно хэмээн тунхаг гаргаж, шинэчлэлийн тухай үргэлж ярьсаар байгаа МАН, АН-ын боловсон хүчний чадамж энэ хэдхэн мэргэжлээр тодорхойлогдож байх юм.

Юун Харвард, Стэнфорд. Сайхан ирээдүйн тухай яриад ч хэрэггүй. Боксчин, сагсчин, дуучдын хувьд газрын дарга хавиар эргэлдэж байгаа юм билээ. Харин хөтлөгч нарт дэд сайдын суудал ногдож байгаа учраас энэ бүхний дараа та ямар мэргэжил эзэмших вэ гэдгээ ч бодчихно биз. АНУ-д дөрвөн жил хий дэмий үрж буй олон сая ам.доллароор Монголдоо гурван дуу гаргачихсан байхад л амьдрал чинь дэд сайдын албан тушаал руу дэвшчихнэ гээд бод доо. Тиймээс цүнх барихад суралцаж, ямар ч хамаагүй үнээр FM-д хөтлөгчөөр ажилд ор гэж зөвлөе. Зангараг, туршлага хоёроороо гайхуулж, боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн бардамнадаг МАН-ын халаа сэлгээ, мэргэжлийн Засгийн газрын томилгоо эдгээр мэргэжлүүдэд тулгуурлаж байхад, Харвардад сурч толгойгоо өвтгөхийн хэрэг огтхон ч алга, залуус аа. МАН-д ирээдүй байхгүй болсон. FM-ийн хөтлөгч нь дэд сайд хийж, сагсчин, боксчин нь газрын дарга болж байхад “Бодлогын нам болох эхлэлээ тавилаа.

Бид ирээдүйтэй нам, бидний залгамж халаа бол чадварлаг” гэсэн үлгэрээр одоо яах юм бэ. Хүүхэд ч энэ үлгэрт чинь итгэхгүй болчихоод байна. Зүгээр л “Манай нам дууслаа. Зул бөхөхийн өмнө бадамладаг гэдэг шиг бид бөхөхийнхөө өмнө дөрвөн жил дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна аа” гэдгээ зарлачихвал дээр юм биш үү, Хүүк дарга аа. Өөр намын хүний үг болохоос экс гишүүн Б.Гарамгайбаатар энэ намын ирээдүйг зөн билэгтэн шиг л таачихсан байна билээ. Тэрбээр, дөнгөж өчигдөрхөн ярилцлага өгөхдөө “МАН-д бодлого байхгүй болжээ. Залуу үе нь 100 жилийн түүхээ үгүйсгэж гарч ирэх гэж оролдож байна. МАН-ын үзэл бодол мухардалд орчихлоо. Тэгэхээр намын гишүүд нь амьдралынхаа утга учрыг болгож, тахин шүтэж байсан хүн рүүгээ эргээд хуйларч эхэллээ. МАХН-ын дарга ч энэ үзэл баримтлал дээр нь чадамгай тоглож байна. Энэ бүгдийг харахад МАХН-ын туган дор МАН эргээд жагсах байх” хэмээн ярьжээ. Үнэндээ энэ хэдхэн өгүүлбэр энэ намын ирээдүйг товч бөгөөд тодорхой өгүүлэв. Б.Гарамгайбаатарын хэлсэн үгийг 100 хувь гараа өргөөд дэмжих хүмүүс ч МАН-д олон бий.

Угтаа 2020 оноос хойшоо МАН-д ирээдүй харагдахгүй байна. Ирэх дөрвөн жилд МАХН тэр дундаа Н.Энхбаярт мөргөж амьдрах нь МАН-ынханд тэнгэрийн умдаг болох вий. Улс төрөөс үүрд арчигдахгүй үлдэх боломж ч юм бил үү. Үнэн үг хэзээд гашуун байдаг. Гэвч, учраа ойлгоогүй яруу найрагч, хөтлөгч, бөхчин “бацаан”-ууд нь өөрсдийгөө улстөрч болчихсон хэмээн сэтгэж, мэдлэг боловсролтой түшээдээ “зөнөг”, тэнэгээр нь дууддаг үе энэ намд ирчихжээ. Мөнгөтэй айлын “нялх сэнгүм”-үүд нь сайд хийх мэдлэгтэй хэмээн сэнтэглэж, дөрөв давсан хашир бурхинууд нь байнгын хорооны хурлаар ч хийж чадахгүй хүүхэд, нохойн доог болж суух цөвүүн цагийг харлаа, үзлээ. 50 гарсан улстөрч нь хүү шигээ залууд “наашаа хараач, юундаа гөлөлзөөд байгаа юм” гэж загнуулчихаад, гэм хийчихсэн аятай хулмалзаж суугааг хараад өрөвдлөө. Залуу үеийнхээ хандыг хага дарж чадахгүй атлаа “мэргэжлийн” гэсэн үлгэртээ хэдий болтол итгэж явах билээ, хэдүүлээ. Үнэндээ энэ намд мэдлэггүй залуусын ноёрхол амь бөхтэй тогтов. Хууль хэрхэн баталдаг, хуулийн төсөл яаж боловсруулахаа ч мэдэхгүй атлаа холбоо байгуулж, хөөрцгөөж явна, залуус нь.

Ахмад үеийнхээ үгийг алт хэмээн дээдэлдэг, хатуу дэг журамтай нам хэмээн “баярхаж” байсан тэр цаг ард хоцорч, шинэчлэл мөрөөдөж хөөрцөглөсөн залуустаа “тэтгэвэртээ гараач” гэж загнуулдаг тийм цөвүүн цагийг хардаг юм байна. Гунигтай байна. Улс төрийн 27 жилийн түүхийг хүүрнэх мэдлэгтэй “алдарт” Ц.Нямдорж нь хүртэл “оймсны” улстөрчид балайгаараа дуудуулчихаад хэлэх үггүй сууж байгааг хараад өрөвдлөө, бас өмнөөс нь ичлээ. Үүнээс илүү яаж гутамшиг болох билээ. Эндээс илүүг харахгүй юмсан. Үе, үеийн сэтгүүлчид “МАН-ынхан төр удирдах арай л өөр. Ядахдаа л учраа мэддэг улстөрчдийн хийх хэлэх нь хүртэл өөр байдаг” хэмээн мөн ч их тоодог байсансан. Харин одоо мөнгөтэй залуустаа бүх л эрх мэдлээ чимээгүйхэн атгуулчихаад сууж байна. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэгчээр МАН хоёр хуваагдсан ч зангаргаа харуулж байсан тэр цагт ард үлдсэн гэдэгт эргэлзээгүй итгэлээ. Төрийн босго ин­гэт­лээ намсахыг “Төрийн сүлд өршөө хэмээн сүү өргөдөг” ахмад үеийнхэн тийм ч удаан харахгүй нь зол юм­санж. Нэгэн цагт “Х” үсэгтэй нь хамт хөөгөөд гаргаж бай­сан Н.Энхбаяртай хадаг бариад ч хамаагүй мөргөж сөгд. Энэ чинь нам хэвээр үлдэх сүүлчийн сонголт чинь ч юм бил үү. Ядаж л радиогийн хөтлөгч залуусаар сайд хийх хүртлээ доройтуулахгүй гэдгээ Н.Энхбаяр мэдэх биз.