Өвгөн хуурч хандгайн дүрээр үлгэрээ ярина

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-05

Үндэсний өв уламжлал, хэв маягийг харуулсан 80 минутын motion буюу хөдөлгөөнт "Өвгөн хуурч" комик кино төсөл 2021 оны сүүлээр нээлтээ хийхээр болжээ. Цагаан сахалтай, морин хуур барьж суусан нь хэн бүхний сэтгэлд хоногшсон өвгөн  нэ удаад хандгайн дүрээр олон нийт, ялангуяа хүүхэд, залуус, өсвөр насныхны дунд бүтээл болж хүрэх нь. Тэгвэл уг төслийг  хэрэгжүүлж буй уран бүтээлчид  өнөөдөр “Өвгөн хуурч” хэмээх комик цувралынхаа талаар танилцууллаа. Тэд Монгол ардын 100 гаруй үлгэрээс судалгаа хийж, 4-5 үлгэрийг сонгон авсан аж. Сонгож авсан үлгэрүүд хоорондоо уялдаатай учраас нэг зохиол болж байгаа нь энэ юм. Энэ контент нь 13 наснаас дээш насныханд зориулсан бүтээл гэдгийг уран бүтээлчид онцлон хэлж байв.

 “Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн

-2018 оноос эхлэн гурван  жилийн  хугацаанд “Хандгай” комик цуврал цахим орчинд цацагдсан. Улмаар "Хандгай" контентийг илүү шинэ түвшинд хүргэх зорилготой. Агуулгын хувьд Өвгөн хуурч  бол үлгэр ярьдаг өвгөн гэдгээр нь Монголын ард түмэн түлхүү  мэддэг.  Тэгэхээр Өвгөн хуурч орчин үед  реппер болж хип хоп дуугаар дамжуулан үлгэрээ ярина гэсэн үг. Энэ контент зөвхөн киногоор хязгаарлагдахгүй олон  төслүүд  хийгдэнэ. "Өвгөн хуурч” хөдөлгөөнт комик киноны гол дүрд дуу оруулагч болон хөгжмийн продюсероор Рокит бэй ажиллах юм.

Төслийн зөвлөх,  сэтгүүлч Г.Бадамсамбуу 

-Миний хувьд  “Эконтэ” компанийн зурмал төрлийн уран бүтээлд зөвлөхөөр ажиллаж байгаа. Залуус,  өсвөр үеийнхэнд  зориулсан олон төрлийн контентийг  бүтээдэг. Та бүхний сайн мэдэх төсөл бол “Бумбардай”. Энэ удаад “Хандгай” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийг  мэдэхгүй залуус бараг байхгүй байх. Хэрвээ мэдэхгүй бол  эргэж нэг  хараарай. Уг төсөл нь 2018 оноос залууст алдаршиж,  танигдаж, байнгын үзэгчтэй болсны хувьд тулгуур бүтээл хийхээр болсон нь энэ юм. Сүүлийн жилүүдэд Монголын телевизээр гадаадын контент, хүүхэлдэйн кино гарч үндэсний  гэх контент нь маш бага байна. Тиймээс бид өөрийн бие даасан өнгө аястай, уламжлал шингэсэн уран бүтээлийг дэлхийн хэмжээнд таниулах цаг болсон учраас энэхүү  бүтээлийг 2021 онд гаргахаар шийдлээ.