Үндэсний их баяр наадмын нээлт боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-07-11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм.  

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”,  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлж байна. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан хүргэж байна.

Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгон авч үлдэхээр “Hero” энтертайнмент ажиллажээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулсан байв.